Монголын “Баруунд” дурласан залуу

15 мин унших · Aug 11, 2022

Nomad

Баян-Өлгий бол Монголын хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг гэж би боддог. Гэрэл зургийн аялал намайг олон гайхамшигтай газартай танилцахад тусалсан. Монгол Алтайн уулсыг Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайд харах боломжтой. Эндэхийн зам сайн. Бас нүд алдам уудам цэлгэр хөндий, онгон дагшин хөдөө хээр нутаг үзэсгэлэнтэй бас гайхамшигтай. Бага зэрэг урагшаа явбал Говь-Алтайн өндөр уулс говь цөлтэй хосолсон сонирхолтой зураглалийг харна.

Мөн энэ нутгаар би өвөл аялах дуртай. Өндөр уулсын хормойд цасаар хучигдсан том том элсэн манханууд цэлийгээд л. Дэлхий дээр маш цөөхөн газар ийм дүр зургийг та харах боломжтой. Үзэгдэх орчны хувьд, үнэхээр сайхан. Хэрвээ та энд нар мандах, нар жаргах агшныг авахад зүгээр л “БИ ЭНДЭЭС ЯВМААРГҮЙ БАЙНА, ЯГ ИНГЭЭД Л СУУГААД БАЙМААР БАЙНА” гэж хэлэх болно. Монголыг зорин ирж буй үүргэвчтэй аялагчид дунджаар 10-15 өдрийн аялалд явдаг. Зарим үүргэвчтэй аялагчид Монголд зөвхөн зорчсон улсынхаа тоог нэмэх гэж л ирдэг нь харамсалтай. Гэтэл Монголд үзэж харах дурлах зүйл чамгүй олон. Ялангуяа, жинхэнэ утгаараа аялъя гэж ирсэн хүмүүст. Хэрэв надаас асуувал би тэднийг Монголын баруун хязгаар луу аялахыг зөвлөнө.

Халх, Тува, Казак гэх мэт Монгол соёл үнэхээр гайхалтай. Баруун бүсийн аяллын нэг давуу тал нь Монголын өөр хаана ч үзэх боломжгүй олон угсаатны соёлын нэгдлийг нэг дороос харахад оршино. Соёл гэдгээр би хувцаслалтын хэв маяг, хэлний ялгаатай байдлаас илүү хөгжлийн явцыг хэлж байгаа юм шүү. Жишээ нь Казак айлд зочлоход өмсөж буй дээл болон амьдарч буй гэр нь Халх, Туватай эхэндээ адил мэт боловч яваандаа ялгааг нь таньж анзаарах болно. Яриаг нь сонсох бүр сонирхолтой. Монгол Казак хүмүүсийн ярианаас адил төстэй болон онцлог ялгаатай зүйлсийг ч мөн сонсоно. Энэ мэтээр Торгоны зам дээр орших эдгээр улсууд хэрхэн соёлын солилцоонд орж, харилцан бие биетэйгээ холбоо хамааралтайгаар амьдарч байсныг ойлгох болно.

Бүргэдээр ан хийх уламжлал нь баруун аймаг руу аялах аяллыг улам сонирхолтой, ер бусын болгодог. Монголд байгалийн сайхныг үзэх гэж ирэх нь нэг их сонин зүйл биш. Байгалийн үзэсгэлэнг бид Төвөд, Канад, Швейцарь, ер нь хаана ч харах боломжтой. Монголыг гайхамшигтай болгож байгаа зүйл нь онгон зэрлэг байгаль, түүнтэйгээ харилцан шүтэлцээтэй амьдардаг хүмүүсийнх нь зохицол юм.

Зөвхөн байгалийн сайханд төвлөрөх юм бол Монголын сайхны 50%-ийг орхигдуулна гэсэн үг. Нүүдэлчдийн амьдралын хэв маягийг ойлгож чадвал Монголын байгалийн гайхамшгийг илүүтэйгээр мэдрэх болно.

Эйшер Свиденски Баримтат гэрэл зурагчин