Үр Төлөө Үлдээхийн Төлөөх Тэмцэх

15 мин унших · Aug 09, 2022

Nomad

●  Бүгд Найрамдах Франц улс дахь хүн төрөлхтний түүх, урлаг, соёлын үнэт өв Ласко агуйн хана, адар дахь эртний уран зураг. Он цагийн хувьд Манай тооллын өмнөх 17-30 мянган жилийн тэртээд хамаарагдах бөгөөд бидний үеийг хүртэл тун бага элэгдэлтэйгээр ирсэн нь гайхамшигтай. Учир нь энэ агуй ихэд урт сунасан тогтоцтой, гэрлийн тусгал үгүй, агаарын хэм тогтвортой нь зураг хуучраагүйн шалтгаан болжээ. Хүн, амьтан, бэлгэдлийн илтэд танигдахуйц 6,000 гаран дүр, дүрслэлтэй. Үүний дотор адуу, үхэр, буга, бух, бизон, хирс, арслан, ирвэс, баавгайн 900 орчим зурагтай. Дээрх зурагт цайвар хэвлий, хул зүс, нуруу дагасан хар судал, харавтар хөл, шодон сүүл, босоо хар дэлтэй адууг дүрсэлсэн нь эгээ л тахийг яг харж байгаад зурчихав уу гэмээр тод томруун илэрхийлсэн нь гайхамшигтай.

Холливүүдийн сайн бүтээлүүдийн нэг болох “LUCY” кинонд амьдралын үүсэл, түүхэн хувьсах хөгжлийг ихэд энгийн ойлгомжтойгоор илэрхийлсэн нь гайхамшигтай. Хэрэв “Эс” мөнх бол аминчхан байна. Учир нь тэр юунд ч санаа чилээх шаардлагагүй. Харин мөнх биш бол хэрхэн өөрийгөө үлдээх вэ? Мөнх биш учраас л маш их энерги зарцуулж байж хуваагдан, өөрийгөө хувилж үлдээх аргыг олсон нь тэр. Эндээс бүхий л амьд биетийн мөнхийн, туйлын зорилго нь үр төлөөрөө дамжуулж өөрийгөө үлдээх болох нь харагдана. Иймдээ ч амьдралын түүхийн туршид тухайн бие махбод, бодгалийг хамгийн их ядрааж, хамгийн их энерги зарцуулдаг үйл нь үр төлөө үлдээх үйл явц байдаг.

Хөөрхий цэцэгс, хүний нүдээр харахад сэтгэл булаам үзэсгэлэнтэй цэцэглэдэг нь үнэн, гэтэл цэцэгнийхээ хувьд үрээ л хүртээчих санаатай, өөр дээрээ шавьж татагдтал үзэсгэлэнтэй харагдчих юмсан гэсэндээ байдаг энергиэ гөвж байгаа нь тэр. Тиймдээ ч үзэсгэлэнтэйгээр цэцэглэж, үрээ хүртээгээд хагдардаг.

Алив зүйл үр төлөө үлдээхийн төлөөх олон арга хэлбэртэй. Эдгээр нь 

● Нэг эрэгчин олон эмэгчнийг тогтвортой хураах

● Нэг эмэгчин олон эрэгчинтэй сүрэглэх

● Хүчирхэг эрэгчингүүд тодорхой газрыг эзэмшиж эмэгчинг татах

● Насан туршийн хос үүсгэх

● Үржлийн улирлын хос үүсгэх

● Согоо нь бугаа сонгож хээл авах гэх бие даасан олон үржлийн системүүд юм.

Эдгээрээс Дэлхийн сүүлчийн, цор ганц зүйл зэрлэг адуу-тахь нь нэг болон түүнээс олон эмэгчнийг удаан хугацаанд тогтвортой хурааж үр төлөө үлдээдэг бүлийн бүтэцтэй зүйл юм. Амьдралын түүхийн хувьд нас бие гүйцсэн азарга үржлийн сүргийн төлөөх тулаанд орж, дийлж чадвал гүүг өөрийн болгож хээлтүүлнэ.

Өөрийн үр төлийг 2-3 нас хүрмэгц эр, эм гэж үл ялган бүлээсээ хүчээр хөөн тусад нь гаргана. Залуу байдсан гүүг ганцаар үлдээх үйлс нь хазайсан азарга гэж үгүй. Тиймээс үржлийн сүрэгтэй өөр азарга, эсхүл нас бие гүйцсэн ч хараахан үржлийн сүрэгтэй болж амжаагүй үрээ ийм байдсан гүүг хялбархан хураана. Харин эрчүүдийг ямар ч азарга өөртөө хурааж үйл лайгаа үзэхийг хүсэхгүй. Тиймээс өөрийн аавд хөөгдсөн залуу үрээ үеийн залуучуудтай нийлж, үрээ-азарганы сүрэг үүсгэнэ.

Залуу үрээг үржилд түлхэх физиологийн дайралт үгүй тул нас биед хүртэл тайван амгалан эрх дураар тоглон наадна. Харин 5-6 наснаас бие гүйцэж нэг л харь зүйл өөрийг нь үржилд ор, үржилд ор хэмээн байж ядуулна.

Энэ л үеэс үржлийн гүү авах санаа төрнө. Харин санаан зоргоор гүүгээ май гээд өгчих азарга гэж үгүй. Өөрөөр хэлбэл, тэр гүү маань хөгшин, царай муутай, бие хаа нь эвгүй, ааш муутай юм май үүнийг ав гээд өгчихнө гэж хэзээ ч үгүй. Хэзээ ч нэг нь зүгээр өгч, нөгөө нь зүгээр авдаг ааш зан тахид өвлөгдөөгүйн тул гагцхүү оюун ухаан, бие махбодын хүчээр л сүрэгтэй болохоос аргагүй.

●  Үржлийн гүүний төлөөх тулалдаанаар нэг нь чихээ тасдуулж, нөгөө нь нүүрээ цөмлүүлэн сүргээ алдсан хоёр хөгшин азарга. Өрөвдмөөр дүр төрхтэй ч гэсэн залуу халуун насандаа үржлийн гүү хурааж, өөрийн үр төлийг үлдээж хийдгээ хийсэн аж. 400 орчим тахь 40 гаруй үржлийн сүрэгт хуваагддаг. Цаана нь 70 гаруй үрээ бужигнаж байхад насан туршдаа зодолдовч үрийн зулай үнэрлэлгүй үрэгдсэн азарга олон. Тэдний дэргэд энэ хоёр зодолдсон ч, авсан ч, үр төлөө үлдээсэн ч, өсгөсөн ч азаргууд.

Нэгэнтээ байгальд бүрмөсөн устсан тахийг Дэлхийн 4 улсын 8 газарт сэргээн нутагшуулж байна.

Хустайн байгалийн цогцолборт газарт 1992-2000 онд 5 удаагийн тээвэрлэлтээр 24 азарга, 60 гүү авчирсан нь өдгөө 400 орчим тоо толгойд хүрчээ. Өнгөрсөн хугацаанд 1,000 гаруй унага төрсөн байдаг. Хустайд төрсөн 528 эр унаганы ердөө 159 (30%) нь л үржлийн насанд хүрч, үүнээс 70 (13.3%) азарга л гүү хурааж, өөрийн үр төлийг үлдээж чадсан байна. Үүнээс үржлийн төлөөх өрсөлдөөн хэчнээн ширүүн болох нь харагдана.

Дэлхийн амьтны хүрээлэн, нөөц газарт өнгөрсөн 100 жилийн турш хийгдсэн судалгаагаар олон зүйл хөдөлбөргүй тодорхой болсны нэг нь тахийн “хуучинсаг зан төрх” юм. Энэ нь тухайн азарга нас биед хүрч анх ямар л гүү хураана түүнийгээ миний гүү гэж өмчлөх хязгааргүй хар сэрт зан төрх юм. Энэ л зан төрхийн улмаас хөгшин азарга залуу азаргад ялагдаж гүүгээ алдлаа гэхэд зүгээр ч нэг тавиад явуулчихдаггүй, гүүгээ эргүүлж авахын төлөө олон удаагийн тулаан хийдэг. Тулаанд ялж авсан шинэ азарга ч, ялагдаж алдсан хөгшин азарга ч дундын гүүгээ минийх хэмээн өмчлөн ойр ойрхон тулалддаг. Энэ л давтамжтай тулааны улмаас азарга гэмтэл бэртлээр, гүү төрөхийн хүндрэлээр дөнгөж төрсөн унага шинэ азарганд бариулж эндэх нь бий.

Тулаан маш ширүүн, аминд халтай болдог тул зарим азарга арга мэх хэрэглэдэг. Үнэхээр дийлддэггүй хүчирхэг азаргыг хэд, хэдэн залуу азарга бүлэглэж, шууд чиглэсэн зодоон хийлгүйгээр хэдэн талаас ойр ойрхон сүрэг рүү нь дайрч, зодолдохоор ирэхэд нь зодолдолгүй зугтаж, хөөгөөд явуулахад нь нөгөө талаас өөр залуу азарга сүргийг нь үймүүлж, сүргийн эзэн азарга бас л нөгөө тийш хөөсөөр огт зодолдолгүйгээр цуцаасаар эцэст нь сүргийг нь булаах тохиолдол бий.

Тулаан маш ширүүн, аминд халтай болдог тул зарим азарга арга мэх хэрэглэдэг. Үнэхээр дийлддэггүй хүчирхэг азаргыг хэд, хэдэн залуу азарга бүлэглэж, шууд чиглэсэн зодоон хийлгүйгээр хэдэн талаас ойр ойрхон сүрэг рүү нь дайрч, зодолдохоор ирэхэд нь зодолдолгүй зугтаж, хөөгөөд явуулахад нь нөгөө талаас өөр залуу азарга сүргийг нь үймүүлж, сүргийн эзэн азарга бас л нөгөө тийш хөөсөөр огт зодолдолгүйгээр цуцаасаар эцэст нь сүргийг нь булаах тохиолдол бий.

●  Хүч чадал, насаар эн тэнцүү хоёр азарга өдөржин зарлалын самбар шиг алаг цоог болтлоо зодолдсоны дараах дүр зураг. Ялалт байгуулсан азарга нар шингэхийн алдад шинэхэн сүргээ захиран аядахад сүрэг нь дургүйхэн хулмалзана. Цаана нь дөнгөж сүргээ алдсан азарга ахиж тулалдах боломжийг хүлээн, сүргээ даган идээшилж хүчээ зузаатгаж байна.

Ер нь санаа суусан, ахимаг насны ухаалаг азарга ид насны сүрэггүй азаргатай энд тэнд таарахгүйг хичээнэ. Үнэхээр улаан халз тулахад хүрвэл уурыг нь хүргэчихгүйхэн шиг тайван амгалан “ам мэх” хийгээд өнгөрүүлнэ. Харин дөнгөж сүрэг хураасан ид насны бяр чадал нь амтагдсан азаргатай таармагц ам мэхсээд байх юмгүй шууд л үзэж тарна. Ингэж бяр чадал нь амтагдсан ид азарганууд хөөрч дуулиан шуугиан болж эн тэнцэхийн цагт тулаан сунжирна. Харин ялж ч чаддаггүй, ялагдаж ч болдоггүй, яг тэнцүү удсан тулаанд сүргээ анхаарч амжихгүй байх араар нь аль хэдийн хөгшрөөд сүргээ алдчихсан азаргын аз нь таарч сүргийг нь аваад зугтчих тохиолдол бас байна.

Хөгшин азарга өөрийн хэр хэмжээг мэднэ. Эргээд очвол дийлдэх, алдах нь тодорхой тул сүргийг хүчилж, орж сурсан уснаас нь холдуулж, олон хоногоор бэлчээрээс нь зувчуулсаар үржлийн улирлыг өнгөрүүлж чадвал аз нь дайрч сүрэг нь тогтворжино. Ийм олон тулаан, арга мэхээр үржлийн сүрэгтэй болж, өөрийн үр төлийг үлдээж чадаж байгаа нь аргагүй л оюун ухаан, хүч чадалтай азарганы л үр төл үлдэх байгалийн шалгарлын үр дүн.

●  Эн тэнцүү хоёр азарганы сунжирсан тулаан. Унагатай гүү сүргээсээ хоцорч араасаа явж байсан сүрэгтэй таарснаар зодолдохыг огт хүсээгүй хоёр азарга аргагүй эрхэнд аминдаа тултал зодолдож байгаа нь. Сүрэгтээ тогтдоггүй, сүрэг дамжин азарга зодолдуулж явдаг аальгүй гүү хааяа нэг таарах нь бий. Ийм гүүнээс болж сүрэг тарах нь ч байдаг.

Д. Өсөхбаяр

Хустай Байгалийн Цогцолбор Газрын