Манхан, Ховд

Гурван цэнхэрийн агуй

Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 25км-ийн зайд далайн төвшнөөс дээш 2100-2400м өндөрт орших агуй юм. Энэхүү агуй нь карбонат чулуулаг буюу цагаан саарал өнгийн шохойлог гантиг чулуунаас тогтсон. Дотор хананы өндөр нь 15м, шалнаас тааз хүртэл 20м, таазны байдал нь дотор талаас гадагшаа хонхор маягийн хэлбэртэй, өөрөөр хэлбэл бөмбөгөрдүү оройтой ажээ. Агуйн ханан хад нь галын дөлөнд шатаж харласан байдлыг харвал тус агуйд удаан хугацааны туршид хүн амьдарч байсныг нотолдог. 
Мөн хананд 40 мянган жилийн тэртээх хадны сүг зураг бүхий түүхэн дурсгал бий.

Агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, цацагт хяруул, тогоруу, тэмээ, арслан заан, хэрж зогссон том эвэртэй одос үхэр, шорон эвэрт оронго гөрөөс, могой, гацуур маягтай мод зэргийг дүрсэлжээ.
Мөн хожуу үеийн цөөн дүрс зураг ч байдаг аж. Өтгөн улаан болон цайвар зосоор зурсан байдаг бөгөөд зарим амьтдыг дээр дээрээс нь давхардуулан дүрсэлж, зарим зураглалыг олон толбо бүхий цэгээр гаднах дүрслэлийг зуржээ. Ингэж давхардуулан зурсан дүрслэлийн дотор эр бугын хүйсийг тодоор дүрсэлсэн зураг нь анхаарал татдаг.

 Дүрсэлсэн амьтдаас үзвэл Монгол нутагт эрт цагт амьдарч байгаад мөхөж алга болсон амьтад учраас уг зосон зураг нь хуучин чулуун зэвсгийн үед хамаарч буй юм. Тэдгээр мөхсөн амьтдаас арслан заан илүү анхаарал татдаг. Монголд арслан заан байсныг анх таамагласан төдийгүй 1998 онд МУИС, Ховд дахь салбар сургуулийн хамтарсан судалгаагаар Дөргөн сумын нутаг Буултын булгийн Тэсэрхий гэдэг газраас арслан зааны ясны 70 хувийн үлдэгдлийг олж, энэ амьтан Монголд байсан гэдгийг баттайгаар нотолжээ. Зургуудыг цахиур цүүцээр цохиж, дараа нь улаан зос, шороон будгаар будсан байдаг.

  Монгол нутагт хуучин чулуун зэвсгийн үед хамаарах дурсгал нилээн ховор байдаг учраас Хойд цэнхэрийн агуйн сүг зураг чухал олдворт тооцогддог. Мөн тэдгээр амьтад Монгол нутагт амьдарч байснаас үзвэл тухайн цаг үеийн Монгол урин дулаан уур амьсгалтай байсныг гэрчилж байна.

 Тус агуйг судалсан эрдэмтэн судлаачид “Азийн урлагийн эхлэл нь Монгол нутагт байжээ” хэмээн дүгнэжээ. Мөн “Төв Азийн хүй нэгдлийн үеийн урлагийн гал голомт” гэж нэрлэх нь ч байдаг.
Хойд цэнхэрийн агуй нь Ховд аймгийн цэнхэрийн голын эрэг орчимд байдаг учраас ийнхүү нэрлэсэн байна.

 Тус агуйг анх газарзүйн эрдэмтэн О.Намнандорж илрүүлж, дараа нь Монгол-Зөвлөлтийн археологичид Н.Сэр-Оджав, Д.Цэвээндорж, Д.Дорж, А.П.Окладников, В.В.Ларичев, А.П.Деревянко нарын эрдэмтэд нарийвчлан судалжээ.

Хуучин чулуун зэвсгийн үед хамаарах хадны сүг зураг Монгол оронд таван газарт бүртгэгдсэн байдгийн гурав нь Ховд аймгийн нутагт байдаг бөгөөд түүний нэг нь Хойд цэнхэрийн агуйн дурсгал юм. 

Хойд цэнхэрийн агуйг “Гурван цэнхэрийн агуй” ч гэж нэрлэдэг. Монгол Алтайн нурууны ар биеэс эх авсан урд Цэнхэр, дунд Цэнхэр, хойд Цэнхэрийн гурван гол Манхан сумын төв орчимд нийлж урсдаг учраас ийнхүү нэрлэдэг ажээ.  

Гурван цэнхэрийн агуй

Яагаад очих ёстой вэ?

Анхаарах

Агуй дотроо маш их тоос, тагтаа шувууны нунтаг ялгадас, бууцаар дүүрсэн учир масктай орохыг зөвлье.

Улаанбаатар

1361 km

Гурван цэнхэрийн агуй

Боломжит унаа

Алхалт

1786089

Автомашин

18 цаг

Галт тэрэг

-

Онгоц

-