Хатгал, Хөвсгөл

Хөвсгөл нуур

Хөвсгөл нуур нь одоогоос 7 сая орчим жилийн өмнө үүссэн гэдэг. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын нутгийг дамнан, Мөрөн хотоос хойш 101км-т оршдог. Нийт 2760 ам.км талбайтай, 34-36км өргөн, 136км урт, 262м гүн нуур бөгөөд далайн төвшнөөс дээш 1645м өндөрт оршдог. Мөн усны нөөцөөрөө Азидаа хоёрдугаарт ордог бөгөөд дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг эзэлдэг. Нуурын ёроолын талбайн 70 хувь нь 100м-ээс илүү гүн байдаг.

Сибирийн хадран, зэвэг зэрэг 12 зүйл загас амьдардаг. 11 дүгээр сарын сүүлч гэхэд бүрэн хөлддөг бөгөөд мөсний зузаан 1м болдог.

Хөвсгөл нуурын эргэн тойрон сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдэх бөгөөд баруун урд талаараа 3000-3200м өндөр Хорьдол сарьдагийн нуруу, Баяны нуруугаар хүрээлэгддэг. Нуурын хажуу эрэг эгц цавчим байдаг. 

Харин зүүн талаараа арай налуу эрэгтэй байдаг. Хөвсгөл нуурын баруун талд нь Дархадын хотгорын ай сав оршдог.

Дархадын хотгор бол Монголын хамгийн хүйтэн газруудын нэг юм. Хөвсгөл нууранд Модон хүй, Хадан хүй, Далайн хүй, Бага хүй гэсэн дөрвөн арал бий.

Эдгээрээс хамгийн том нь “Далайн хүй” арал бөгөөд усны мандлаас 126м өндөр, 3км урт, 2км өргөн, 5.8 ам км талбайтай, битүү ой модоор хучигдсан байдаг.

“Хадан хүй” арал нь өндөр, өндөр хясаатай тул шувууд их цугладаг аж. 

Модон хүй” нь онцгой сайхан байгальтай. Усны тунгалагшилт нь 24.5м байдаг. Эргийн хаданд хүрлийн үеийн сүг зурагнууд бий.

Хөвсгөл нуурын ай сав бүхий байгалийн цогцолборт газрыг 1992 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд нийцүүлэн дэлхийн байгалийн цогцолбор газрын ангилалд оруулжээ.

Хөвсгөлийн ай савд 59 зүйлийн хөхтөн амьтан, 244 зүйл шувуу, 750 зүйл ургамал байдаг.

Ургамлын 60 орчим төрөл нь эмийн ургамал байдаг. Ой тайгад нь булга, ойн солонго, нохой зээх, шилүүс, хүдэр, хандгай, хүрэн баавгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, хэрэм, хадны суусар, өмхий хүрэн, мануул, хярс, ирвэс, үнэг, чоно, цаа буга, аргаль, янгир зэрэг амьтад амьдардаг. 

Хөвсгөлийн ай сав газрын тайгад өөрсдийгөө уйгар хүмүүс гэж нэрлэх Цаатангууд амьдардаг. Тэдний уугуул нутаг нь Монгол шарын даваа, Шишгэд гол болох юм.

Тэд Хөвсгөлийн их тайгад дөрвөн улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж аж төрдөг.

Цаатангууд бол Тува угсааны монголжсон урианхай нар бөгөөд Тувагаас нүүдэллэн ирж Хөвсгөлийн тайгад суурьшсан гэж түүхчид үздэг. Цаатангууд өөрийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх өвөрмөц арга барилтай үндэстэн юм. Тэд бөөгийн шашин шүтэх бөгөөд амьдрах гол арга нь цаагаа маллаж, түүнийхээ ашиг шимийг хүртэж ан гөрөө хийж амьдардаг. Цаатангууд хасах 31-50 хэм хүртэлх хүйтэн цаг уурын хүнд нөхцөлд амьдардаг. 

Хөвсгөл нуур

Яагаад очих ёстой вэ?

Цэнгэг ус, үзэсгэлэнт байгаль, онгон дагшин уул нуруудаараа гайхагдсан Хөвсгөл нуур

Улаанбаатар

910 km

Хөвсгөл нуур

Боломжит унаа

Алхалт

1194225

Автомашин

14 цаг

Галт тэрэг

-

Онгоц

2.5 цаг