Монголын үндэсний, орчин үеийн уран зургийн галерей

2 мин унших · May 15, 2022

Art
Монголын үндэсний, орчин үеийн уран зургийн галерей

Монголын үндэсний орчин үеийн уран зургийн галерей нь байнгын үйл ажиллагаатай бөгөөд өөрийн санд хадгалагдаж байгаа 4300-аад бүтээлүүдийнхээ 7-8%-ийг тогтмол дэлгэн үзэгч олонд толилуулж байдаг. Монголын орчин үеийн уран зургийн түүхийг XX зууны эхэн үеэс Хүрээ зураач Б.Шаравын бүтээлээс эхлэн тооцож байна. Учир нь 1989 онд Монголын дүрслэх урлагийн музейгээс орчин үеийн уран зургийн галерей тусдаа гарсан билээ. Нэг үгээр XX зуунаас өмнөх үеийн бүтээлүүд Занабазарын музейд харъяалагдаж байдаг юм. Гэхдээ Занабазарын музей ч орчин үеийн уран зургийн үзэсгэлэн гаргах чадамжтай билээ.

Ази номхон далайн орнуудын урлаг” сэтгүүлийн редакторууд, мэргэжлийн судлаачдын баг энэ бүсийн 67 улс орны урлаг соёлын амжилт, түүхийг харьцуулан судалсны үндсэн дээр жил бүр аль нэг орны тухай түүвэрлэн гаргадаг бөгөөд 2011 оны түүвэртээ Монголын дүрслэх урлагийн түүхийг ийнхүү Юан гүрний үеэс эхтэй хэмээн өгүүлсэн байна.

Юан гүрний үеийн Монголын урлаг уран зураг нь ихэвчлэн хаад, ихэс дээдсийн хөрөг, дайн тулаан, тухайн үйл явдал өрнөсөн газар нутгийн онцлог зэргийг харуулсан, Монгол, Хятад, Перс зураачдын бүтээл байдаг бол бага хаадын үеэс эхлэн бурхан хийгээд амар амарлингуйг номлосон номлолын шинж чанартай бүтээлүүд зонхилж байдаг онцлогтой.

Мэдээж залгаад Дорнын их бүтээгч Занабазарын бүтээлүүд Монгол урлагийг цааш нь өртөөлөн авч явсан байдаг. Занабазарын Дара эхүүд хийгээд бүтээсэн бурхад, Монгол бүсгүйн гоо сайхныг бурханчлан дуулсан дууллыг бид нэгэнт мэдэх билээ. XX зуун бол Монголын урлаг уран зурагт тэсрэлт авчирсан бөгөөд энэ нь хоёр зуу гаруй жил дарагдсан үндэсний ухамсрын сэргэлттэй салшгүй холбоотой байсан билээ.

Зураач Б. Шаравын Монголын нэг өдөр зураг нь энгийн ахуй байдлын тайван амгалан дүр төрхтэй байдаг бол 20-р зууны дунд үеийн Монгол зураачдын бүтээлүүд илүү хөдөлгөөнтэй, дүр өгүүлэмжтэй болж хөгжсөн нь анхаарал татна. Жишээ нь, алдарт “Азарганы ноцолдоон” зураг нь уламжлалт Монгол зургийн дэг жаягт хийсэн шинэчлэл бол, Ажлын дараа бүтээл Монголын нэг өдөр бүтээл орчин цагт хэрхэн хөгжиж байгааг илэрхийлж чадсан билээ.

Харин XX зууны 2-р хагасаас Г.Соосой нарын зураачид шинэ өгүүлэмж урсгал оруулж ирсэн нь ч Үндэсний орчин үеийн уран зургийн галерейд дэлгээтэй байдаг. Тэгвэл Монголын уран зургийн 4-дэх үеийн дэг жаягийг өнөөдөр бий болгож байгаа хэмээн хэлж болохуйц шинэ үеийн зураачдын бүтээлтэй ч галерей таныг танилцуулах боломжтой юм.

Монголын орчин үеийн уран зургийн галерей сүүлийн жилүүдэд Монголын урлагийн зөвлөлтэй үйл ажиллагаагаа нягт уялдуулж хамтарсан арга хэмжээнүүдийг тогтмол явуулж ирсний зэрэгцээ төр засгийн зүгээс ч Монгол урлагийн хөгжилд анхаарч бодитой ажил хэрэг өрнүүлж байдаг юм.

Д.Энхболд