Шагайн наадгай

5 мин унших · May 26, 2022

Culture
Шагайн наадгай

Шагай нь монголчуудын өнө эртний тоглоом билээ. Археологичид 2011 онд Хүннүгийн хааны бүлэг булшны дундах хүүхдийн булшнаас олон тооны шагай олсон. Тэдгээр шагай дээр монголын овог аймгуудын тамга дарсан байсны дотор арваад зууны дараах Чингис хаан, Өгөдэй хаан, Тулуйн угсааныхны хэрэглэж байсан тамга байгаа нь хэр эртний угшилтай соёл болохыг илтгэнэ. Шагайнд тухайн амьтны буян хишиг, хийморь лундаа байдаг гэх үзэл одоо ч байгаа нь чонын шагайг эрхэмлэх үзлээс харагдана.

Mалын шагайг сайхан цэвэрлэж, өнгө оруулан будаад тусгай уут саванд хийж нандигнадаг. Үе удамшин цуглуулсан шагай хэдэн зууд хүрдэг. Шагайг мал өсөх бэлгэдэл гэж үздэг учир олон байх тусмаа буян тогтоно гэдэг. Шагайн наадгайн түгээмэл тоглоомуудаас нэрлэвэл бөгцөг няслах, шагай шүүрэх, шагай таалцах, алаг мэлхий өрөх, морь уралдуулах зэрэг болно.

Шагай шүүрэх нь шагайг дээш шидмэгцээ газарт асгасан шагайнаас атгаад шидсэн шагайг унагаалгүй тосч авдаг тоглоом юм. Алдалгүй шүүрэн, гарт атгасан шагайгаа цуглуулсаар хамгийн олон шагайтай нь хождог. Хүний овсгоо, хараа, эв дүйг хөгжүүлдэг, чамгүй өрсөлдөөнтэй, хөгжөөн шуугиантайхан тоглоом билээ.

Гэхдээ бүх насныхан тоглодог хамгийн их дэлгэрсэн тоглоом бол бөгцөг няслах юм. Шагайны 4 талыг морь, тэмээ, хонь, ямаа хэмээн оноож нэрлэнэ. Бөгцөг няслахдаа шагайг ширдэг дээгүүр тарааж асгадаг. Тарж буусан шагайнаас морийг морьтой нь, хонийг хоньтой нь гэх мэтээр ижилсүүлэн онож, оносныгоо авч тоглоно. Няслахдаа өөр шагайг хөндөхгүй, нясалсан шагайнуудаар бусад шагайг хөндөхгүй, няслахаар зангаад больж болохгүй, оносон шагайг авахдаа өөр шагай хөндөхгүй гэх мэт олон дүрэмтэй. Тэр бүх нарийн дүрэм нь тоглоомыг өрсөлдөөнтэй, хөгжилтэй болгоно. Аль нэг дүрмийг зөрчвөл дараагийн хүнд тоглох эрх шилжих маягаар бүх шагай хэн нэгэнд нь хураагдах хүртэл үргэлжилж болно. Энэ наадгай хүнээс хоромхон агшинд сэтгэлийн хөдлөлөө барих тэвчээр, гарын эв дүй, харааны баримжаа, тооцоолох ухаан шаарддаг.

Шагай таалцахдаа нууж атгасан шагайныхаа тоог таалцана. Зөв таавал хожино. Таалгахдаа аман наадмын дайралцаа үг, холбоо үгсээр шүлэглэж, эсрэг талынхаа хор шарыг хөдөлгөн, бодох чөлөө өгөхгүйг хичээдэг. Ер нь шагайн наадгай гэлтгүй оньсон тоглоомоор өрсөлдөх, уран зангилаа зангилах, хөлөгт тоглоом наадахаас эхлээд хөөцөлдөж тоглох, уралдаж давхихдаа хүртэл үг холбон ерөөл хэлж, эсрэг талтайгаа егөөдөн дайралцаж, амжилт чадварыг урамшуулан магтаж, уухайлан дэмжиж хөгжилддөг. Эцэг эхчүүд ч тоглохдоо уран үгээр ярьж, утга бэлгэдлийг тайлбарлан хүүхдийнхээ үгийн баялгийг нэмэхийн зэрэгцээ, ухааны чагтагыг тайлахыг чухалд үздэг. Тухайн тоглоом болгонд зориулсан хэлц үгнүүд ч олон хувилбараар бий.

Шагайгаар тоглодог нэгэн эрхэм тоглоомыг “Алаг мэлхий өрөх” гэдэг. Хөлгүй далайд хөвж явсан аварга яст мэлхийг тэнгэр бурхан нэвт харваж, дээр нь тив дэлхий үүсгэсэн гэдэг Монгол домгоос энэ тоглоом үүсчээ. Мэлхий үхэхэд амнаас гал бадарч гал махбод, араас нь шингэн гарч усан махбод, сүлбэсэн сумны зэв нь төмөр махбод, иш нь модон махбод, бие нь шороон махбод болсон домогтой. Зурхайг яст мэлхийн хуягны хээтэй адил есөн нүдэт хүснэгт дотор бичин тооцоолдог. Энэ тоглоом тэрхүү ертөнц бүтсэн мэлхийг шагайгаар өрөн тоглож байгаа агуулгатай. Шоо хаян, буусан тооных нь дагуу мэлхийний эрхтнийг төлөөлсөн шагайнуудыг авч, аз ивээл хэр их хурахыг бэлгэдэн тоглодог билээ. Тус тоглоомыг цагаан сараар тоглож хүүхэд багачууддаа монгол зурхайн таван махбодын онол, цаг тооллын тухай таниулдаг уламжлалтай.

Шагайгаар морь уралдуулах тоглоомд хүүхдүүд онцгой дуртай. Шагайг ар араас нь цувруулан дан морь талаар нь өрнө. Урт богино ямар ч зам хийж болох бөгөөд олон хүүхэд тоглож байвал наадам аятай таван насны морь уралдуулах ч бий. Хүүхдүүд өөрсдийн морь болох шагайг сонгон зурхайн эхэнд эгнүүлэн зогсооно. Дөрвөн шагай орхиж морь буусны тоогоор урагш ахиулан уралдана. Морь буухгүй бол байрандаа өнжиж, дараагийн хүүхэд нь шагайгаа орхино. Энэ нь хөлөгт тоглоомтой төстэй ч тусгайлан хөлөг хэрэглэлгүй хаана ч тоглож болдгоороо онцлог. Шагай тоглохдоо доор нь олбог ширдэг дэвсдэг ёстой. Морь уралдуулж тоглохдоо наадмын уралдаантай адил эхний морь буунгуут зурхай эргэлээ гэх бөгөөд түрүү морины цол дуудна.

Орчин цагт хүн амын тал нь малчин амьдралаас хөндийрч хот суурины амьдралд шилжсэнтэй холбоотойгоор үндэсний тоглоом наадгай, тэр дундаа шагайн наадгайгаар тоглох нь эрс багассан. Олон айл шагай цуглуулж, хүүхдээрээ наадуулж байгаа ч орчин үеийн техникийн хөгжил даган уламжлалт тоглоом мартагдаж болзошгүй аюул дэлхийн аль ч үндэстний нэгэн адил Монголчууд бидэнд нүүрлэж байна. Тиймээс сүүлийн жилүүдэд уламжлалыг сурталчлан таниулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт шагайн наадгайг оруулах зэрэг олон ажлууд өрнөж үр дүнгээ өгч байгаа юм.