DJ Bodikhuu

3 мин унших · May 13, 2022

Entertainment
DJ Bodikhuu

Монголын хөгжмийн ертөнцөд "sampling" буюу "дээж" авч, дуу хөгжмийн аль хөг сонсголонтой гэсэн аялгууг өөрийн зохиомжид оруулах аргаар бүтээл туурвидаг уран бүтээлч тийм ч олон биш. Ингэж аялгуу эгшгийг өөрийнхөөрөө шинэчлэн бүтээж хэмнэл нэрж буй Бодьхүү хэмээх өвөрмөц ертөнц дуу шуугиан дагуулсаар гарч ирсэнтэй одоо та бүхнийг танилцуулья.

Санамсаргүй хайлт хийж явахдаа би түүний зохиосон хөгжмүүдийг анх удаа сонсоод мөн алмайрч хоцорсон юм. Юу ч бодолгүй, бодох ч сөхөөгүй “Туяа”, “Дэнжийн ногоо”, “Welcome to Ulaanbaatar”, “Groove Me Baby”, “Makin` Love”, “De Janeiro” зэрэг арваад хөгжмийг нь нэг мэдэхэд угсруулаад сонсчихсон байв. Зүгээр үргэлжлүүлээд сонсоод л, сонсоод л баймаар урамтай, чимэгтэй байлаа. Танил болсон монгол, гадаад дууны аялгуу ч байх шиг атлаа олон өнгө найруулга хосолсон цоо шинэ хэмнэл мэдрэмжийг өгөх нь содон санагдсан.

Underground Hip Hop, Jazz Hip Hop урсгалаар уран бүтээлээ туурвиж энэ төрлийн хөгжим сонирхогч залууст шинэ, содон мэдрэмжийг төрүүлсээр байгаа Бодьхүү буюу С.Мөнхбаатар өдгөө 6 дахь цомгоо хэдийнэ гаргаад байна. Тэрээр анх малчны хот, явуулын хөгжим, монголын хип хоп дуучдаар дамжуулан хөгжмийн ертөнцөд хөл алджээ. Хоёр соёл иргэншлийг хослон мэдэрч өссөн нь хуучин, шинэ хоёр зүйлийг хэрхэн хослуулж цоо шинэ зүйл мэдрүүлэх боломжтойг нээсэн хөгжмүүдээс нь ажиглагддаг.

Алт мөнгөний дархан, харуул хамгаалалтын ажилтан, барилгын караан дээр хүртэл ажилласан ч хөгжимд дурласан хүсэлдээ үнэнч байж олон хүнд зориулсан биш зөвхөн хувь хүнд мэдрэмжээр нь дамжуулж ямар нэгэн өгүүлэмж өгөх сүнслэг хөгжим бүтээхийг зорьсон ажээ. Ийм төрлийн бүтээл туурвихад мэдрэмжээс гадна өндөр потенциал хэрэгтэй нь мэдээж.

Бодьхүү бүх цомгуудаа "self-publishing" буюу өөрөө хийснээрээ онцлог юм. Анх хип хоп, гангстер төрлийн хөгжим сонсож, тэдгээр дуунуудаас үггүй, сул аянуудыг нь түүн авч эвлүүлэх дуртай байсан тэрээр 2011 оноос эхлэн "sampling" хийх аргад суралцжээ.

2011-2013 оны хооронд "Дунд гол" студитэй хамтарч 50 гаруй хуучны монгол дуун дээр ажиллаж, ур чадвараа нэмэгдүүлж, 26 монгол дуунаас бүрдсэн "Welcome to UB" цомог гаргасан юм. Улмаар Рио де Жанейро, Токио хотын нэртэй өөрийн мэдрэмжээр өгүүлсэн цомгууд гаргасан билээ. Бодьхүүгийн хөгжмөө зохиодог арга бол ремикс биш илүү зохиомжлон эвдэж, өөрөө шинээр хийдэг бүтээлч ажил гэж ойлгох хэрэгтэй.

“Би компьютер дээр хөгжим хийдэггүй. Өөрийн сонсох дуртай дуунуудаас хамгийн аялгуулаг гэсэн 30-40 секундыг авч MPC төхөөрөмж рүү оруулан, нэг, хоёр секундээр нь салгаж бэлддэг л дээ. Тэр хэмнэл, аялгуунуудыг MPC-ны дөрвөлжин даралтуудад оруулснаар хөгжмөө өөрийн хүссэнээр зохиож, бөмбөрийн дуугаралт нэмж өгдөг” гэж тэрээр buro247.mn сайтад өгсөн ярилцлагадаа тайлбарлажээ.

Эх орны баруун хязгаар Увс нутгаас нийслэл хотыг зорьж ирээд анх сонссон цомог нь "Gang Star". Яаж жазз хөгжмийг хип хоп бөмбөр дээр тоглуулдаг байна гэсэн бодлоос түүний “Соёл-Эрдэнэ” хамтлагийн "Хөдөөгийн сайн талыг зорино" дуунаас "дээж" авч бөмбөрийн хэмнэлээ зохиож нэмсэн “Хөдөө” бүтээл мэндэлсэн түүхтэй.

Тэр зүгээр л мэдрэмж, хүсэл хоёроо дагасан. Зарим хүмүүс "дээж" авах урлагийг ойлгодоггүй. Магадгүй эх хувилбарыг нь сонсоод дасчихсан хуучны хөгжмөөр шинэ зүйл хийсэн байгааг сонсоод хуулбарласан гэж ихэвчлэн хүлээж авдаг. Гэвч "дээж" авч хөгжим хийхэд зарцуулж байгаа хугацааг нь аваад үзэхэд ч энэ бол шинэ бүтээл. Жирийн сонсогчид анзаарч, ойлгохгүй олон найруулга цаана нь хийгдсэн байдаг билээ. Түүний зохиосон хөгжим магад алгуурханаар, он цаг улирах тусам хүнд илүү хүрэхийг үгүйсгэхгүй юм даа. Ямартай ч чихний чимэг болсон аялгуу хэмнэлийг оршин буй цаг үедээ хүссэнээрээ тэр бүтээсээр байна.

Ц.Ариунтуяа