Биелгээ - биеэр үзүүлэх амьдралын цомог

4 мин унших · May 15, 2022

Culture
Биелгээ - биеэр үзүүлэх амьдралын цомог

Өглөөн нарнаар өрхөө татаж, уур савсан буцлах цайгаа самарч, хангай дэлхийдээ цацал өргөж, айраг ундаагаа бэлтгэн, аргал түлшээ түүж, арьс ширээ элдэн аж амьдралаа дэвжээх бүсгүйг ардын урлаг болгон бүжгээрээ мөнхөлжээ. Амьдрал бол бүжиг. Нөгөө талаар бүжиг шиг амьдралыг хүн хүсдэг. Ингэхээр бүжиг гэдэг хүслийн илэрхийлэл.

Морин хуурын татлаганд цоглог бүжиглэх бүсгүйн хэмнэлд автан мөрөө хөдөлгөмөөр санагдана. Монгол биелгээний цээж мөрний огцом түргэн хөдөлгөөн, морин хуурын хэмнэлтэй хослон үл танигдах, үл ойлгогдох язгуурын нууцлаг хирнээ тэр нууц руу нэвтрэх гүн хүслийг агуулж байх аж.

Гарын атгалт, тавилт, цацалт, хөлийн хайчлалт, хоёр мөрний огцом солбилт, мөрний чичиргээ бүгд гүн утга агуулгатай агаад нүүдэлчдийн амьдрал мэдэхгүй хүн ойлгоход төвөгтэй.

Дотоод сэтгэлийн хөдөлгөөнийг биеийн уран сайхан хөдөлгөөнөөрөө дүрслэн үзүүлдэг бүжгийн урлаг ийм гайхамшигтай. “Биеэр биелэхэд сэтгэл нь дуулдаг” хэмээн бий биелгээний авьяастан бүжгийнхээ тухай өгүүлнэ.

Монголын ястан бүр өөр өөрийн өвөрмөц ялгаа, өнгө төрх, намба хадгалсан давтагдашгүй бий биелгээг үр хойчдоо өвлүүлэн үлдээж ирсэн юм. Тэр дундаа Ойрад түмэн биелгээг онцгой хөгжүүлсэн билээ. Баруун Монголын Урианхай, Торгууд, Дүрвэд, Баяд, Захчин, Казах, Хотон, Мянгадын бий биелгээ хувцас хэрэглэлээс гадна хөгжмийн уламжлалт зэмсэг, түүний ая аялгуугаар ялгарч товойдог онцлогтой. Тухайлбал Урианхай, Торгуудууд бий биелгээгээ товшуурын эгшигэнд хийдэг бол, Казак үндэстэн доомборын аясаар биелдэг. Харин Дөрвөд, Баяд, Захчин, Хотонгуудын бий биелэгийн эв намба нь экил хуурынхаа эрмэг татлагад илүү тодордог. Ястан бүр биелгээгээ бүжиглэн хөгжүүлэх явцдаа шинэ санаагаар баяжуулан, үйл хөдөлгөөн нэмж, өвөрмөц дэгжин болгосоор байдаг байна.

Овог ястан бүрийн биелгээний онцлогоос цухасхан дурдвал торгуудууд урт улаан залаат тоорцог, өргөн хар хошмогт дөрвөлжин захтай цагаан дээл, тоохуу гутлаа өмсөөд биелдэг.

Торгуудын магтаал дуу, бий биелгээнд хүлэг сайн морь, хүдэр чийрэг баатар эрс, эрх чөлөөт амьдрал, өвөг дээдсээ бишрэн хүндэтгэн дуулсан байдаг. Торгуудын “Aгсал”, “Хэлхээ агсал”, ”Савардах бий”, ”Эрээ хавирга”, “Жудар” зэрэг олон биелгээ нь мөрөө солбиулсан цохилго, гарын цацлага, зогсолт, алхалт, товшилт, эргэлт гэх мэт бий биелгээний харьцангүй чөлөөт хөдөлгөөнтэйгээрээ ялгардаг.

Баяд биелгээ ч өөрийн гэсэн намба төрх ёс жаягтай. Хөлийнхөө улаар бат зогсож, гүн суултаар суугаад, зөвхөн цээжээрээ биелэхдээ дээлийн хормойг огт хөдөлгөдөггүй нь сонин. Баяд биелгээн дотроос “Жороо морь” биелгээг сурч байж жинхэнэ биелээч болдог гэж биелээчид ярилцдаг.

Харин Урианхайчууд “Мөргүүл”, “Татлага” биелгээг үе уламжлуулж ирснээрээ алдартай. Дөрвөд биелгээ нь “Цацал”, “Мөргөл”, “Хөдөлмөр” зэрэг биелгээг хийхдээ мөрөө солбих, эрүүгээрээ хаялах, гарыг хумиж цацах гэх мэт огцом цочмог хөдөлгөөнүүдээр ялгарна. Дөрвөд бий нь өндөр настанд хүндэтгэл үзүүлэх ёсолгоогоор эхэлж, мөнхүү ёсолгоогоор өндөрлөнө.

Захчин түмэн биелэхдээ толгойгоо хөдөлгөхгүй биелдэг. Бүр толгой дээрээ аягатай сүү тавиад бүжиглэх нь ч бий. Захчингуудын уран сэтгэмж, унаган төрх намба, ур чадварын гайхамшиг болсон “Эрийн гурван наадам” биелгээг үзэгчид уулга алдан биширдэг.

Биелгээ бүр өөрийн түүхээ өгүүлдгээрээ онцлог. Тухайлбал, хотон ястны биелгээ “Сээтэн залуу” нь хайртай бүсгүйдээ сэтгэлээ илчилж чадалгүй явсаар олон хүн цугласан газарт тааралдан бүжгээрээ хайраа илэрхийлэн буйг дүрсэлдэг. Дурласан залуугийн сэтгэлийг хурц тод гарын таталт шидэлт зэрэг жавхаалаг хөдөлгөөнөөр илтгэж, хотон хүний зан аалийг мөн харуулсан байдаг. Монгол биелгээний бас нэгэн онцлог нь 80 настай буурлаасаа 8 настай балчир хүртэл бүх л насны хүн бүжиглэж, айл гэрээрээ цуглан хөгжилддөгт оршино. Монголчуудын ажил амьдралын нарийн хуваарилалтыг ч биелгээнээс харж болно. Гэрийн эзэгтэй үс самнан зүсээ тольдож, үйл урлаж, үр хүүхдээ өсгөж биелдэг бол өрхийн тэргүүн эмнэг хангалаа сургаж, адуу малаа хурааж, арьс ширээ элдэж биелнэ. Ийнхүү нүүдэлчин монгол амьдрал бүжгийн хэмнэлээр өрнөнө. Дэлхийд ховорхон нүүдэлчин амьдралын хэмнэлийг хүүрнэн өгүүлэх бий биелгээ нь дэлхийн соёлын салшгүй хэсэг, мартагдаж үл болох урлаг учир 2009 онд ЮНЕСКО яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтдаа бүртгэн тунхагласан билээ.

Монголынхоо бүжгийн соёлыг Геннист бүртгүүлэх зорилгоор 5204 бий биелээчид 2013 оны 7 сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд цуглаж Захчин, Баяд, Торгууд, Казак, Буриад, Өөлд, Хотон, Урианхай, Дөрвөд гээд манай үндэсний цөөнхүүд өөр өөрсдийн бий биелгээгээ толилуулан “Жороо морины явдал”, “Хамаг монголын уриа” бүжгийг нийтээрээ бүжин хурсан олныг баясгахад хамгийн балчир биелээч нь Баянхонгор аймгийн 3 настай Золбоо хүү байсан бол, хамгийн ахмад биелээч нь 92 настай буурай байсан билээ. Монголын бий биелгээг Геннист бүртгүүлэх уг үйл ажиллагааг ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгынхан санаачилсан юм. Баруун Монголчуудын дунд даруухан уламжлагдаж ирсэн бий биелгээг судлан хүчирхэгжүүлж, Монгол язгуур урлагийн нэгэн жигүүр болгон дэлхийд гаргаж ирсэн Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин бүжиг дэглээч Ц.Сэвжидийн гавъяаг үе үеийн биелээчид бахархан дурсаж, урлаж дэглэсэн Монгол бүжгийг нь дэлхий дахинд бүжиглэн толилуулсаар явна.