Монгол Наадам

Монгол Наадам

Улаанбаатар , Сонгинохайрхан

Монголчуудын бахархалт түүх, гайхамшигт ёс заншлыг “Монгол Наадам”-гүйгээр төсөөлөхөд бэрх. Тиймдээ ч дэнж хотойтол нааддаг “Монгол наадам”-ыг сонирхох жуулчдын хөл тасрах нь үгүй.

Монголчууд анх 1206 онд Их монгол улсыг тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилсөн үеэс эрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтжээ. Тухайлбал, баяр наадмын үеэр эр хүний самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морьдын хурд сорих уралдааныг тусгай ёс журмын дагуу хийдэг уламжлалтай юм.

Дашрамд дурьдахад Монгол наадам нь 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн байдаг.

Хүчит бөхийн барилдаан

Монголчуудын үндэсний их баяр наадмын нэгэн томоохон хэсэг бол бөхийн барилдаан юм. Бөхийн барилдаан нь авхаалж самбаа, уран мэхийг эрхэмлэдэг спортын нэг төрөл гэж хэлж болно. 

Өөрөөр хэлбэл 512 хүчтэн цагт баригдахгүйгээр уудам талбайд барилддагаараа онцлогтой. Барилдах бөхийн малгайг засуул нь авч нэр, алдрыг нь дуудахад тэрээр бүргэд, харцага, хангарьд, начин шонхор зэрэг үлгэр домгийн шувуудын нисэх хөдөлгөөнийг дүрслэн, дэвсээр барилдах газраа очдог.

Монголчууд эртнээс хүч чадлыг эрхэмлэж ирсэн бөгөөд монгол эрэгтэй хүүхэд бүр бага балчираасаа барилдаж өсдөг. Түүнчлэн Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас, өмсгөл бөгөөд малгай, зодог, шуудаг, гутал зэргээс бүрддэг.

Хурдан морины уралдаан

Морь. Энэ үг монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хамгийн ойр байдаг үгсийн нэг. 

Их эзэн Чингис хаан хүлэг морьдынхоо хүчээр уудам тал, уул, усыг гаталж, агтны туурайгаар дэлхийг тамгалж “Монголын Эзэнт гүрэн”-ийг байгуулсан түүхтэй.

Монголчууд хүлэг морьдын дотроос хамгийн хурдан сайныг нь сонгон авч олон хоногийн өмнөөс хоол ундыг нь тохируулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд нас, насаар нь ялган газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. 

Тухайлбал, их насны морьдыг барагцаалбал 22-28км, соёолон болон азаргыг 20км, хязааланг 18км, шүдлэнг 15км, даагыг 10км орчим газраас засаж бэлтгээгүй хээрийн замаар уралдуулдаг. 

Харин хурдан морь унах хүүхэд хөдөлгөөнд саад болохгүй, халууцахад бие барихгүй, давхихад салхи хөөрөгдөхгүй, биед тохирсон, хөнгөн авсаархан, тод өнгийн хувцас өмсдөг.

Сурын харваа

Энэхүү тэмцээн нь нум сумаа улам боловсронгуй болгон аль болох хол зайд цэцэн мэргэн онох харваачийн эрдэм чадварыг дээшлүүлж, ан гөрөөнд их олз олохыг эрмэлзэх, их олз олсны дараах бүжиг наадмын үед цэцэн мэргэн харваачдаа нум сум харвуулан цэнгэх заншлаас үүссэн байна.

Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80м орчим газар бөгөөд нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуут сумаар хоёр тал ээлжлэн харваж цэцэн мэргэнээ сорьдог. 

Ингэхдээ хүн нэг бүр цуваа байдлаар, эсвэл багийн гэсэн хоёр хэлбэрээр зохих журмыг баримтлан тодорхой тооны сум харвадаг. Ийнхүү сурын харваанд шалгарсан хүмүүст мэргэн харваач цолыг олгодог.